“САЙН ХАШАА” ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийн зорилго

 1.1. Хот, суурин газрын гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хоёр. Хөтөлбөрийн зорилт

 2.1. Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

 2.1.1. иргэдийн хувийн өмчийн газар, амины орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэх;

 2.1.2.  хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах;

 2.1.3. иргэдийн амьдрах орчныг өөрсдийнх нь оролцоотой сайжруулж, ая тухтай амьдрах орчныг бий болгох.

 2.2. Хөтөлбөрт хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаас тогтоосон гэр хороолол болон гэр хорооллын газрыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах төслийн талбар, зуслангийн газрыг (цаашид “зорилтот бүс” гэх) хамруулна.

 2.3. Амины орон сууцны инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга байгууламж хууль тогтоомж, норм, нормативт заасан шаардлагад нийцсэн байна.

 2.4. Зорилтот бүсийг хот, суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хөгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 2.1.1-д заасан зорилтын хүрээнд зорилтот бүсийн газар өмчлөгч иргэдийн инженерийн дэд бүтэц бүхий газар, амины орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авах зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

3.2. Хөтөлбөрийн 2.1.2-т заасан зорилтын хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

3.2.1. иргэдийн амины орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбоход зориулан арилжааны банкаар дамжуулан зээл олгох;

3.2.2. нам даралтын уурын зуухны түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, стандартад нийцүүлэх;

3.2.3. зорилтот бүсийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх;

3.2.4. эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах техник, технологийн хэрэглээг дэмжих, нэмэгдүүлэх.

3.3. Хөтөлбөрийн 2.1.3-т заасан зорилтын хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

3.3.1. өмчилж авсан газраа дахин зохион байгуулах иргэдийн санаачилга, үйл ажиллагааг дэмжих;

3.3.2. газар өмчлөх зөвшөөрөлгүй болон байгаль, цаг уурын гэнэтийн аюулд өртөж болзошгүй стандартын шаардлага хангахгүй орон сууцны ашиглалтыг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах;

3.3.3. амины орон сууцанд зориулсан барилга, барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих.

3.4. Энэхүү хөтөлбөрт заасны дагуу инженерийн хангамжийн дэд бүтцийг суурилуулах ажлыг эрх бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх бөгөөд суурилуулах тоног төхөөрөмж нь улсын тохирлын гэрчилгээтэй байна.

3.5. Энэхүү хөтөлбөрийн 3.3.2-т заасан амины орон сууц бүхий иргэдийг хөтөлбөрт хамруулахгүй.

3.6. Иргэд бие даасан инженерийн дэд бүтцийг хэсэгчилсэн байдлаар хамтарч шийдвэрлэж болно.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

4.1. Хөтөлбөрийг 2021 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлнэ:

4.1.1.  нэгдүгээр үе шат: 2016-2019 он

4.1.2.  хоёрдугаар үе шат:  2019-2021 он

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийн дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

5.1.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын орны зээл, тусламж;

5.1.3. дотоод, гадаадын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө оруулалт;

5.1.4. бусад эх үүсвэр.

5.2. Хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээ жил бүр 200 хүртэл тэрбум төгрөг байх бөгөөд тухайн жилд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг урьдчилан тооцсоны үндсэн дээр улсын болон орон нутгийн төсөвт тусгуулна.

Зургаа. Хөтөлбөрийн үр дүн

6.1. Хөтөлбөр хэрэгжсэнээр зорилтот бүсийн иргэдийн амьдрах орчин, нөхцөл сайжирч, хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол буурна.

Долоо. Хөтөлбөрийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.

7.1.1. хот, суурин газрын байгаль орчны бохирдлын бууралтын үзүүлэлт;

7.1.2. шинээр нэвтрүүлсэн хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтцийн хувь, хэмжээ;

7.1.3. иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн өсөлт;

7.1.4. хөтөлбөрийн хүрээнд иргэнд олгосон зээлийн хэмжээ.

7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлж дүгнэхдээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, байгаль, цаг уурын болон гадаад, дотоод хүчин зүйлүүдийн нөлөөллийг харгалзана.

7.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан нэгж байнгын хяналт тавьж ажиллана.